Сэтгэц мэдрэлийн эмнэлэгээс гарсан охины бичсэн тэмдэглэл


Бид сэтгэц мэдрэлийн өвчтөнүүдийн хөтлөсөн тэмдэглэлүүдийг “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэж тохуурхан нэрлэдэг. Зарим нэгийг нь харахад үнэхээр ч өвчнийхөө аданд автан эсэн бусын солиолтой хэнээрхэлээр хэдэн арван хуудас цаас шал дэмий цоохорлосон байдаг. Увс аймгийн харъяат Ш.Сурмаажав гэдэг өвгөжөөр хүн Ховд аймаг дахь баруун бүсийн сэтгэл мэдрэлийн диспансарт олон жил хэвтэж байгаад өөд болсон дүү Ш.Сармаажавын хөтөлж байсан тэмдэглэлүүдээс надад өгөхдөө “За миний дүү чи надаас чөтгөр шулмасын тухай их асуудаг. Би ч чамд нэлээд зүйл ярьж өгсөн. Харин Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт арваад жил хэвтээд 1990 онд эмнэлгээс гараад өөд болсон дүүгийн минь бичсэн зүйл нэг л үнэн юм шиг санагдах боллоо. Хэрэгтэй бол сонирхохгүй юу” гэсэн юм. Би “за” хэмээн ихэд олзуурхан авсан хэдий ч ажлын цаг заваас хамаараад түүнийг нь мартаж орхиж. Харин хэд хоногийн өмнө тэрхүү солио өвчин туссан хөөрхий талийгаачийн тэмдэглэлийг уншаад айн хэрдхийж, бас ч гэж хүүхэд ахуй цагтаа Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн гадаа саваагүйтэн очиж яриаг нь сонсдог байсан Баян-Өлгий аймгийн харъяат Сайлуу хэмээх казак эрийн нэр гээд олон олон зүйлс дотор нь байгаад бага ч гэсэн үнэмших сэтгэл төрснөөр чөтгөр шулмасын адал явдлыг эрэлхийлэгч уншигчиддаа энэхүү аймшигт хийгээд сэтгэл өвдөм зүйлийг найруулан засч бичиглэж байна. энэ дэвтэр бол түүний эмнэлэгээс гараад бүх үүх түүхээ бичсэн тун ч үнэт зүйл нь байсан бөгөөд талийгаач үнэхээр галзуу солиотой хүн байсан уу? гэдэг асуултыг надад болоод уншигч та бүхэнд тавьсан юм шиг санагдсаныг нуух юун. Сараажав өгүүлрүүн … Манай ангийнхан тэвэг хийх тугалга олохоор аймгийн төвөөс нэлээд зайтай орших Хогийн хар руу явцгаалаа. Тэнд очоод тугалга хайж явтал би машины эвдэрсэн хуучин аккумляторын сэгэн дотроос овоо том тугалга олтол манай ангийн “олигор” Бямбаа ирээд булааж авахдаа мигий хамраас цус гартал алгадчихаад хөвгүүдтэй хамт инээлдсээр зугтаж одлоо. Би ч тэндээ уйлсаар үлдсэн бөгөөд өвдгөө дэрлэн суусаар байтал нэг л мэдэхэд харуй бүрий болсон байв. Өө нээрээ мартчихаж. Би унтчихсан ч байсан билүү. Нэг л мэдэхэд миний өмнө хөх гал сүүмэлзэн байснаа гэнэтхэн эмэгтэй хүн болоод хувирчихсан. Хувхай цагаан царайтай, нүд нь огт хөдлөхгүй. яг л манай урд талын агентын авгай шиг яравгар царайтай. За энэ ч яахав. Шав шалдан байхыг нь хараад би хичнээн ичсан гээч. Тэгснээ тэр авгайн нүдгээс гэнэтхэн нөгөө хөх гал асаал эхлэсэн. Би айгаад босоод зугтах гэсэн боловч үнэндээ хөдөлж чадаргүй байснаа санаж байна. харанхуй байсан хэрнээ түүн дээр гэрэл тусгачихсан мэт л тод харагдсаар над уруу дөхөж ирсэнээ “Чиний нагац ах чинь намайг үхүүлчихээд жаргаж байна уу?” гэж асуухад нь би өнгөрсөн хавар Улаангомын хогийн хар дээр боож үхсэн бэр эгч Ичинхорлоогоо байхыг нь таниад түлхэж орхисон ч гар минь биеэр нь нэвтрээд гарчихаар нь айхдаа ухаан алдчихсан. Нэг мэдэхэд л нар гарчихсан би хогийн харын машины сэгний дэргэд хэвтэж байгаагаа мэдсэн. Үнэндээ тэр үед Ичин бэргэнтэй уулзсан явдал зүүд үү, бодитой байсан уу гэдгийг сайн ухаараагүй. Толгой аймаар муухай өвдөж байсан ч арайхийж явсаар гэртээ ирсэн. Ээж гэртээ хоносонгүй гээд загнаж байна. Тэгэхээр нь би “Урьд шөнө би Ичин бэргэнтэй уулзаад. Уруул нь хавдчихсан шалдан явж байна лээ. Бас хүзүү нь аймаар урт гээч” гэж хэлчихсэн чинь ээж “Цөг гэм. Үхсэн хатсан амьтнаар доог тохуу хийгээд бузартай гэдэг нь ” гээд галын шилээврээ шүүрэхээр нь би гараад зугтчихсан. Орой болсон хойно амбаартаа унтах гэснээ айгаад гэртээ ороод хэвтлээ. Нэг мэдсэн чинь намайг Ичин бэргэн урт хүзүүгээ өлгийлгөчихөөд дуудаад болдоггүй. Би яагаад ч юм бэ сэмээрхэн гараад явчихсан. Түүнийг өөрийн мэдэлгүй дагасаар нэг л мэдэхэд өнөөх хогийн хар дээрээ очсон. Ичин бэргэн дахиад л “Нагац ах чинь жаргаж байна уу” гэснээ “Чи надтай хамт явах уу? Би их гоё газар байгаа ” гээд олон юм яриад унасан. Би хариу хэлэх гэсэн хэдий ч үнэхээр дуу гарахгүй байсан. Өглөө сэрээд хартал гэртээ орон дотроо хэвтэж байгаагаа мэдсэн. Тэгээд л зүүдэлжээ гэж бодсон боловч ээж “Чи чинь яахаараа шөнө гарч яваад хэдэн цаг алга болчихдог байна аа? Чамайг орж ирэхийг чинь би мэдсэнгүй” гэж хэлэхээр нь гэнэтхэн айх шиг болоод шөнийн болсон явдлыг ээжид дахиад хэлсэн чинь мөн л загнасан. Түүнээс хойш Ичин бэргэн байнга үзэгддэг боллоо. Өрх дэрвээд, гэрийн унь шажигнаад, тоононы завсраар Ичин бэргэн нисч орж ирээд намайг авч одно. Заримдаа нэг харанхуй хонгилоор аваад нисчихнэ. Энэ тухай ээждээ хэлэвч ер халгаахгүй. “Худлаа яриад байх юм. Чи минь галзуурчи хсан юм уу? Шөнө чи хөнжилдөө л байсан шүү дээ” гэнэ. Учир нь намайг гарч яваад байхаар ээж хаалгаа дотроосоо цоожилдог болсон юм. Гэтэл би тооноор гараад байдаг. Энэ тухай ээж тоохгүй болохоор нь ахдаа, ангийнхандаа, нагацдаа, ер нь бүх танидаг хүмүүстээ хэлсэн боловч тэд хөхрөлдөөд огт тоодоггүй нь гачлантай. Аргаа барахдаа нэгэн шөнө Ичин бэргэнийг ар рэхээр нь байдаг чадлаараа “Энэ хүмүүс намайг ер ойлгохгүй байна. Та намайг бүр аваач” гэтэл тэрбээр “Тэгье. Чи жинхэнэ чөтгөр болно” гээд гараа сунгатал нэг юм дараад авсан /түүнийг ах Сурмаажав нь дарсан гэдгээ надад хэлсэн юм/. Тэгээд эмч ирж нэг л их айхтар өвддөг тариа надад хийснээс хойш би юу ч мэдрэхээ больсон. Бүр Ичин бэргэнтэйгээ ч уулзахаа больсон. Харин нэг өдөр эмнэлэгт байгаагаа мэдсэн. Яагаад эмнэлэгт хэвтсэнээ асуусан боловч хэн ч хариулсангүй. Эргэн тойронд нэг л хачин сонин хүмүүс хачин хачин юм яриад л… Би аргаа бараад цонхон дээр очоод хартал хэдэн хүүхдүүд “Мэдрэл муут мэдрэл муут ” гээд шоолж байна. Цаана нь огт танихгүй байшин барилга… Гэтэл нэгэн шөнө Ичин бэргэн гэнэтхэн хүрээд ирлээ. Өрөөний салхивч гэнэт сэвхийн онгойсноо Ичин бэргэн ороод ирэв. Би айсандаа нүдээ аниад хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн ч тэр харагдаад байх нь тэр. Ихэд уурласан бололтой, салхигүй байхад үс нь хийсээд л аймшигтай дуугаар “Чи надаас зугатаж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн үү? ” гэхэд нь би гайхахдаа “Би хаана байгаа юм бэ?” гээд асууж орхилоо. Тэр учиргүй тас тас хөхөрснөө “Чи үнэхээр буруугүй байх нь. Чи Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байна. Хүмүүс ийм муухай шүү дээ” гэж хэлээд зэвүүн инээснээ намайг хамт явахыг ятгав. Би ч энэ аймшигт газраас явахыг завдсан боловч цонхны нь гадуурхи сараалжин төмрөөр багтахгүй байлаа. Багтахгүй байгаагаа би гаднаас харж байгаа нь нэг л сонин. Удалгүй цагаан халадтай хүмүүс орж ирээд надад тариа хийчихлээ. Энэ тухай эмнэлгийн атаман Сайлуу хагаст хэлэхэд намайг шоолж инээгээд “Би чамд нэг дуу дуулж өгье” гээд надад түүнийгээ зааж өгсөн. “Өөе түмпэн түмпэн Бузы байна Өөе коструль дүүрэн Кушуур байна Кэн нь идэх вэ?” гээд л цаашаа зөндөө их. Жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн чинь энэ Сайлуу юм шүү дээ. Гэтэл намайг үнэнээ яриад байхад л сэтгэл мэдрэлийн эмнэлэгт арван жил хэвтээд гарахдаа хүн гэдэг амьтныг үзэн ядах болсон юм даа. Манай Сурмаажав ах намайг бараг эргээгүй. Харин ээж минь нас барсан гэнэ. Ичин бэргэн ч яахав. Намайг дагаад Увсад иржээ. Бид шөнө бүр уулзана. Мартсанаас тэр өлсөж байгаагаа надад өмнө нь хэлдэг байсан хэдий ч түүнд тусалж чаддаггүй байлаа. Хөдөө ирээд би түүний заавраар шөнө болгон арвайн гурил, шар тос шатааж, утаа гаргаж хооллодог болсон. Энэ явдалд баярлан тэрбээр ихэд баярлан “Би чамайг чөтгөр болгохоо болилоо. Харин ээжийн чинь байдаг газрыг зааж өгье. Даанч намайг тийшээ ойртуулдаггүй юм” гэж ятгах болов. Энэ тухай Сурмаажав ах болоод бусад хүнд хэлбэл ахиад л цагаан халаадтай бариад өгчих учраас айгаад дуугарч болохгүй гэдгээ сайн мэдэж байна. Эцсийн эцэст хавь ойрынхоо хүмүүсийн доромжлолоос айхын эрхэнд “Ээждээ очъё” гэдгээ Ичин бэргэндээ хэллээ. Тэр “Маргааш шөнө мичид гудайхаар ээж чинь чамайг ирж авна” гэсэн. Би диваажин гэдэг гоё газар очих юм гэнэ. Энэ арван жилийн хугацаанд намайг ганц ойлгож байсан хүн нь шулмас болж хувирсан. Тэр нь Ичин бэргэн байсан юм. Тиймээс би түүнээс огтхон ч айхаа больсон. За энэ ч яахав. Маргааш ээжтэйгээ уулзана… Ингээд түүний тэмдэглэл дууссан байлаа. Энэ тухайд түүний ах Сурмаажав гуайгаас асуухад “Үнэн шүү. Мичид гудайх үеэр талийгаач гараа сунгаад ээж ээ гэж орилоод өнгөрсөн юм. Нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл тодорсон байсан” гэж хэлсэн билээ. Энэ хүн солиорох нь солиорсон ч гэлээ юутай ч нэгэн учир битүүлэг зүйл байсан нь бидэнд ч ойлгогдоод байх шиг.

Найзууддаа түгээгээрэй